Шаргын тууль
2017-07-05, 11:51 AM

Нэгэнт дэргэд айлссан наадмын нэг дутуу нь аугаа их хурдан шарга азарга байх мэдээ түгээгджээ. Энэ цагийн Монголын домогт ажнай өнөө жил уралдахгүйн учир буй аж. Гэвч шарга азарга монгол наадмын нэгэн хэсэг байж ард түмний зүрх сэтгэлд уярал хайр бэлэглэн, ер бусын төгөлдөр сайхан самсаан шархирааныг чимчигнүүлдэг нь түмэн үнэнтэй. Шаргагүй наадам бүтэнгүй санагдана. Бүтэн наадъя. Шаргыгаа уншигчдынхаа сэтгэлд уралдуулахуйн учгийг сүвлэж хоёр жилийн өмнө туурвилчийн бичсэнийг толилуулъя.

Талын цэлгэрхэн элгэнд тэр ханиа нутаглуулжээ. Наад­­­мын улирал айсуйн энэ цагт сэтгэлийн эмзэглэлт дурсамж өдөр өдрөөр то­досч бодол зүрхний ховдол хайр­лан өрөвдөх хийгээд хага­цахуйн гунигт хэмнэлээр зэрэгцэн лугших бөлгөө.

Бид нэгнийхээ амьдралд тохиолд­­сон ээдрээ зовлонг тэр бүр мэдэхгүй. Бас нэг нэгийнхээ хэзээ ч үл сонсч мэдэх гай­хамшигт амьдралаар амь­дарч буйг нь ч үл анзааран аж төрөх билээ. Үүнийг бичиг­чийн ишлэн хэлэхийг хүсдэг нэгэн ухаантны үгийг дахин хэлмээр санагдана. Энэ нь "Амьдрал бол өнгөрсөн өд­рүүд биш, ахин дурсагдах өдрүүд юм" гэсэн үг билээ. Үнэхээр л амьдрал ахин дур­саг­дах өдрүүдээр бүтэх агаад, тэрхүү ахин дурсаг­дахуйн замд аз жаргал, зов­лон гуниг, инээд хөөр, сайхан сэтгэл бүгд ээлжлэн оршино. Одоо би уншигч та бүхэндээ ийм л нэг ахин дурсагдахын замаар мөшгөн сурвал­жил­сан тууль мэт уярам үнэн түүхийг ярьж өгье.

Залуу эр Э.Эрдэнэчу­луун гэргий А.Агваанцэ­цэг­тэйгээ ханилан сууж, аавын гэрээс голомт таслан аз жаргалтай амьдралаа асаа­сан нь 1980-аад оны дунд үе. Удалгүй анхны охин нь төр­жээ. Энэ бол наян зургаан он юм. Анх­ны үрээ тэвэрч баяр­лалдсан залуу хосод ингэж баярлахтай зэрэгцэн нэгэн гайт өвчний халдвар эхнэ­рийг нь өвч­лүүл­жээ. Эмнэлгийн ажилт­нуу­дын ноолгор ун­хиагүйн харгайгаар тариурын шараар өвдсөн нь хожмын хагацлын үндсийг тавьсан байна. Ин­гээд залуу сайхан эхнэр нь элэгний өвчтэй болсон ч амьдралын ая дант хэмнэлд эхэндээ төдийлөн мэдэгдэх­гүй яваад байж. Эрдэнэбатын Эрдэнэчу­луу­ны уг гарвал сурвалж нь Өвөрхангай айм­гийн Хайр­хан­дулаан сумын хүн. Ээжийн талынхан нь Архан­гайн чигийн хүмүүс бөгөөд тэдний дунд зэгсэн сайн уяач явсан лам нар байжээ. Энэ удам угшил нь нөлөөлсөн үү, хэдий хотод төрж өссөн авто жо­лоочийн мэргэжилтэй Э.Эр­дэнэ­чу­луун нэг л мэдэ­хэд хурдан морь, адууны үнэнхүү хор­хой­тон болсон байжээ. Ин­гээд ерэн дөрвөн оны хавар Хэнтийн Галшар суманд хурд­ны удамтай адуу сонир­хож, үнэ таарч, сэтгэл шилбэл авах хүслээр тэр хавийн нутгийн айлуудаар өөрийн анд Зуз хэмээх Дор­жийн хамтаар бууж мордон хэд хоног явжээ.

Чингэж явахдаа ханийн­хаа элгэнд эмчилгээ болгож "Саамыг нь уул­гая" гэж сэт­гээд тэндхийн Будаа нэрт хүнээс нэгэн сайхан цагаан гүү худалдан авсан байна. Гэвч Будаа шууд л "Хөтлөөд яв" гээд өгчихсөнгүй. Бас жаахан үнэр­хэх янзтай бай­сан болол­той, ингэхэд нь нөхрийг хүн­дэт­гэсэн Зуз Дорж "Өөрийн адуунаас сайн угшилтай уна­гатай гүү өгье" хэмээсний хүчээр хоёр нө­хөр өнөө ца­гаан гүүг ногтолж чаджээ. Цагаан гүү хусран байсан бөгөөд нэгэн охин шарга даага дагуулан ирснийг Э.Эрдэнэчулуун "Морин той­руулга"-ын халтар азаргандаа хураалгаснаар Галшарын ганган цагаан гүү Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт идээ­шиж эхэлсэн түүхтэй байна.

Цагаан гүү Э.Эрдэнэчу­луу­ны сүрэгт нийлүүлэгдсэ­ний­хээ дараа жил нэгэн сай­хан гал шарга унага төрүүлэв гэнэ. Мөнхүү унага үзтэл хайр төрөм, эгэл биш амьтан бай­сан гэнэ. Тэр мөртөө хүнээс ер бишүүрхдэггүй, хүүхдээр бол хэнд ч болов очоод тэв­рүүлж байдаг хөөрхөн золиг байжээ. Шарга унаганы эх, цагаан гүүний саамыг эрт­нээс хүсэмжлэн тийнхүү явдал суудал болсон боло­хоор гэргийдээ өгчээ. Хүнд сэтгэл нийлж, элэг тат­сан ханиас илүү сайхан нь хаа билээ. Э.Эрдэнэчулуун ч хүний хайлан болсон залуу сайхан эхнэртээ үлэмжийн хайртай байв. Тийм ч учраас түүнийхээ амь амьдралын төлөө өөрөөсөө гарах хүч чадал, ухаан бодлоо дайчилс­ныг та одоохон унших болно. Түүний сайн, сайхан эхнэр мөнөөх энхрий уяхан сэтгэ­лийг аяндаа төрүүлэх шарга унаганы бүлээхэн уруулаа­раа шимэн хөхөх халуун саамаас хуваалцахыг хүсээ­гүй байна. Эх хүний заяамал уяхан сэтгэлээс гадна энх­рий яруухан тэрхүү шарга унага бүсгүйн сэтгэлийг ер бусаар хөндсөн бололтой. Ингээд "Энэ хөөрхөн амьтан саамаа бүтэн хөхөг дээ. Би үүний сүүнээс хороолцож яах вэ" хэмээж, өөр гүүний саам ууна гэж эрслэн зүтгэснээр, мөнхүү шарга унага бүтэн саамаа хөхөж, бүлээхэн зү­сээ тольдуулсан аюулын сай­хан амьтан болжээ. Ганайсан сайхан шарга даага 1997 оны улсын наадмаар данайтал давхиж ирээд айргийн тавд ордоггүй юу. Уншигч та санаж л байгаа байх. Уяач эзэн нь ч баярлаж байсан нь дамжиггүй. Яагаад гэвэл энэ чинь нөгөө саамыг нь эхнэртээ уулгах гэж авчирсан цагаан гүүний унага шүү дээ. Тэр шарга унага эздийнхээ сэтгэлийг, ялангуяа эхийн нь халуун сүүг хуваалцаагүй эзэгтэйдээ "сэт­гэлийн өр" төлөх мэт юм болжээ. Гэвч энэ үед шарга адуут айлын эхнэрийн бие улам бүр өвдсөөр байлаа. Эвлэж, тэтгэж амьдарсаар л байж. Дараа жилийн нь хавар шарга үрээ бас нэгэн шарга дүү дагуулж, мөнөөх цагаан гүү Э.Эрдэнэчулууныд ир­сээр хоёр дахь эр шарга унагаа төрүүлсэн байна. Энэ­хүү хоёр шарга адуу Эрдэнэ­батын Эрдэнэчулуун хэмээх нэрт уяачийг Монголын ард түмэнд тод томруунаар та­ниул­сныг бид нэгэнт мэдэх болжээ. Гэвч хамгийн гол нь Э.Эрдэнэчулуун уяач, энэ хоёр шарга хүлгийн тууль нь чухам юундаа гайхамшигтай болохыг одоо өгүүлье.

2000 оны Үндэсний их баяр наадмын соёолон мори­ны уралдааныг уншигч та эргэн нэг сана. Яагаав, цэ­гээн дэлтэй өндөр шарга үрээ түрүүлэн давхиж явснаа хол саахалтад хадуурч, наадамч олны зүрхийг эмзэглүүлэн бахдуулан байж, буцан урал­даа­ны замдаа орон өмнөх морьдоо яах ийхийн зуургүй суга орхин давхисаар хол саахалтын зайд түрүүлж ир­дэг­гүй юү. Шарга үрээгээ түрүүлүүлсэн Э.Эрдэнэ­чу­луун наадмын дараа Хэнтийн Галшарын томоохон наадамд очлоо. Тэнд хамт очсон эхнэ­рийн нь бие дордож, эмнэлэг домнолго болж аргагүйдэн явахдаа шарга үрээнийхээ уяаг алдагдуулснаа хожим мэджээ. Ингээд тэр наадмын тоосонд шарга үрээгээ алд­сан байна. Гайхам хурдан шарга үрээний нь дүү ганц шарга адуу үлджээ, одоо. Яагаад ч юм, тэр хөөрхий шарга үрээ, Э.Эрдэнэ­чулуу­ны эхнэр хоёрт ямар нэг амь сэжмийн холбоо байсан мэт санагдана. Тэр хоёрын аль нэгээс л орчлон уйдсан юм шиг. Эхлээд саамыг нь уухаа­саа татгалзаж шаргаа өсгө­сөн, дараа нь шарга нь тү­рүүлж тэднийгээ баярлуул­сан, тэгээд дараа нь эзэгтэйн бие өвдөхтэй зэрэгцэн шарга уяаны гам алдсанаас эндэж хорвоог орхисон. Ямар нэг нөхөлдөхүйн сэжим холбоо буй юм шиг л дүр зураг ажиг­лагдана.

Энэ явдлын дараа Э.Эр­дэнэ­чулууны эхнэрийн бие улам мууджээ. Баялаг болж байсан байр орон сууц, ер юм бүхнээ заржээ. Ингээд байд­гаа хамж шимж байж жар, далан мянган ам.долларын үнэтэй элэг солиулах хагал­гаанд Бээжин хотноо орсон байна. Амжилттай. Эв эрүүл, саруул сайхан эхнэрээ ха­раад Э.Эрдэнэчулуун элэг бүтэн аз жаргалын амтыг чухамхүү мэдэрсэн юм. Гэвч энэ сайхан цаг удаан үргэл­жил­сэнгүй. Жилийн дараа дахин өвдөж эхэлжээ. Энэ нь 2004 оны зургадугаар сарын үес юм. Дахин хагалгаанд орох шаардлагатай байлаа. Э.Эрдэнэчулуунд шарга азар­гатай цөөн адуунаас нь өөр зүйл байсангүй. Тэр бүх­нийг шаргадаа даатган найд­сан байна. Эхнэрээ дахин хагалгаанд оруулахын тулд дахиад л жар гаруй мянган ам.доллар хэрэгтэй.

Эрэнэбатын Эрдэнэ­чу­лууны шарга азарга энэ зун­даа дөрвөн том наадамд түрүүллээ. Үндэсний их баяр наадам, Дорнодод болсон зүүн бүсийн наадам, Их хурд, Алтан-Овооны наадам зэрэг хамгийн том бай шагнал бү­хий дөрвөн уралдаанд урдаа улаан хөлтөн гаргасангүй. Эзнийхээ итгэл найдварыг алдсангүй. Үнэхээр өрөвдөн, уяран хайлмаар. Эзнийхээ эхнэрийн өвчин зовлонг ялуу­лахын төлөө "үр хүүхэд нь мэт" зүтгэсэн юм гэмээр. Үүнээс гайхамшигтай нь бий гэж үү. Хурдан шаргынхаа хондон хөлсөө цацлан олж ирсэн жип машин тэргүүтэн бай шагналын нь мөнгө эм­чил­гээний зардлыг бүрдүүл­жээ. Э.Эрдэнэчулуун ч Бээ­жинд эмчлүүлж явсан эхнэр­тээ баяр хөөртэй очиж, шар­гын­хаа ачаар ингэж чадлаа гэхэд нь хөөрхий тэр нь хөн­дүүр зүрхнийхээ гүнээс уяран хайлж, өрөвдөн энэрсэн юм гэдээг. Хамгийн харамсалтай нь хагалгаанд дахин орсон ч, залуу сайхан тэр эмэгтэй 21-хэн хоногийн дараа бурхан... Бурхан болжээ.

Хорвоо орвонгоороо эргэ­сэн он жил. Э.Эрдэнэчулууны хатуужих, уйтан давчуу хор­воотой эвлэрэн дасах он жилүүд эхэлсэн байна. Үхсэ­нээс үлдсэн шарга нь ч тийн­хүү хөлс хүчээрээ амины нь төлөө "зүтгэсэн" эзний нь эхнэр, ах шаргын нь сүүг авч уугаагүй нинжин сэтгэлт ач­тан бүсгүй хорвоод үлдэж чадаагүйд гашуудсан мэт 2005, 2006 онд ихэд өвдөн, турж эцээд, уяулан уралдах ч сөхөөгүй байсан нь үнэн ажээ. Харин улирагч зуны улсын наадамд зовлон гуни­гаа мартсан мэт дахин цой­лон түрүүлж эзнийхээ сэтгэ­лийг дахин цэлмээгээд байгаа юм.

Э.Эрдэнэчулуун, түүний их хорвоогоос буцсан эхнэр, эр хонгор шаргуудаас бүрд­сэн ийм нэгэн тууль бий ажээ.

Монгол Улсын тод манлай уяач Эрдэнэбатын Эр­дэнэ­­чулуун "Уяхан, өрөвчхөн сэтгэлтний дээд байсан даа, миний хань" хэмээн дурсах тэрхүү тэнгэрт одсон бүсгүй­тэйгээ Хонхор өртөөнд анх танилцан дотносож, хожмын Монгол Улсын Даян аварга Агваансамдангийн Сүхбат хүр дүүгээ хүүхэд ахуйдаа барил­даж явахад нь хоёул элбэн цай цуй барин гүйж байсан нь ойрхны дурсамж ажээ.

Э.Эрдэнэчулуун түүний хайрт хань, эр хоёр шаргын энэ гайхамшигт туулийг эх орныхоо хүмүүст мэдүүлэ­хийг сайхан сэтгэлт хүмүүс сэдээд, нэгэнт ажил хэрэг болгоод байгаа юм билээ. Уярам энэ түүхийг Монгол­банкны захирал асан Очир­батын Чулуунбат тод манлай уяачаас нулимс унаган сон­соод Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнд даруй хандан кино зохиол бичиж өгөхийг хүсч улмаар туурвин гүйцэт­гүүлээд, бүх зардлыг нь хариу­­цан бүтээлгэснийхээ нээлтийг ирэх сарын таванд хийх гэж байгаа гэнэ. Хүний хорвоогийн хамгийн сайхан нь хүн хүндээ сэтгэл тавьж, гэгээн сайхныг бусдад мэд­рүү­лэхээс өөр юусан билээ. Домог тууль тэртээ өмнийн, өнө холын байх албагүй ажээ

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.