С.Ганбаатарын зөв байлаа
2017-03-09, 09:15 AM

“Сэрэлт” киноны Сүрэн “Ааваа” гэж сулхан дууддаг шиг МҮЭХ-ноос  Олон Улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж тэтгэврийн насыг 65 болгох, орлогын албан татвар 20 хувиар нэмсэнг хүч муутайхан эсэргүүцэв. Цалин нэмсэнгүй, төрийн албан хаагчдийг хомроглон халж байна гэх мэтээр гоншигнов. Хүч муутайхан мэдэгдлээ албан өрөөнөөсөө хийж харагдах юм.

МҮЭХ улс төрийн хүчнээс илүү ажилчин ангийн эрх ашгийн төлөө дуугарч байх байгууллага байтал гишүүн компаниудаасаа татвар, том байраа түрээслэхээ л бодоод завгүй. Хааяа нэг “Сэрэлт” киноны Сүрэн шиг “Засгийн газар Үйлдвэрчний эвлэлийн холбоог тоохгүй байна” гэж гоншигноно. Ийм байгууллага ч байгаагүй юм даа гэж албан хаагч нар нь өгүүлэх.  Ийм үхээнц байгууллага болгосон нь Г.Адъяа, Х.Амгаланбаатар бас нэг “нойл” боловсролтой улаан хацартай бацаан ажгуу.

Монголын Үйлдвэрчний Эвлэл хэмээх том байгууллага С.Ганбаатарыг гаргаж ирэв. Мөн С.Ганбаатар  амьд үгүй нь мэдэгдэхээ байсан гүлдийчихсэн могой шиг Монголын Үйлдвэрчний Эвлэлийг нийгмийн гол тоглогч хүч болгосон билээ.  Зах зээл хөгжсөн улс оронд Үйлдвэрчний эвлэл, холбоод хүчтэй байдаг. Тэд Засгийн газрыг чиглүүлж, монополыг задлаж байдаг билээ.

Тийм учраас С.Ганбаатарын удирдаж байсан шиг хүчтэй МҮЭХ-г олон нийтийн нэхээд байгаа юм. Өдгөө тэдний ажлыг “Босоо Хөх Монгол”, “Даяар Монгол” гэсэн хөдөлгөөнүүд гүйцэтгэж  гэрээний хятадуудыг шахахыг оролдож байгаа билээ. Сануулах нь ээ Оюутолгойн гэрээ буруу боллоо гэж Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны  Ерөнхийлөгч С.Ганбаатар дуугараад эрх баригч АН, МАН-д “алуулсан”.

Тэрээр Санжийн Баяр, Сангажавын Баярцогт, Лүймэдийн Гансүх, Дашдоржийн Зоригт нарыг ГААГ-ын олон улсын шүүхэд өгнө гэж УИХ-ын гишүүдийн инээдийг барж байлаа. Тухайн үедээ инээдэм байсан ч улс үндэстний эд хөрөнгийг  хомроглон сүйтгэсэн нь дээрх нөхдүүд байсан юм. Өдгөө олон нийт Оюутолгойн гэрээг хийгч нарыг шүүхэд дуудахыг шаардаж буй нь С.Ганбаатарын зөв байсанг сануулав.

С.Ганбаатар  талбай дээр зогсчихоод “Рио Тинто” бол 150 жилийн түүхтэй дэлхийн номер нэг уул уурхайн үндэстэн дамнасан компани. Ротшильдийнхэн эзэмшдэг  шүү дээ. Тэдэнд улс орнуудтай гэрээ хийдэг , олон арван жилийн туршлагатай тусдаа компаниудтай. Манайх шиг тоонд сайн гээд С.Баярцогт ганцаараа очоод гэрээнд гарын үсэг зурчихдаг юм биш” гэж ярьдаг байв.

Хэн ч тоогоогүй. Өнөөдөр асар их баялгаа гадныханд зүгээр өгч шилэн аяганы гаднаас  долооцгоож  байна. Та нар бод доо. Улаанбаатар хотоос  том алт, зэс, мөнгөний ордоо гадныханд зүгээр өгчихсөн. Өдөр болгон зургаан сая ам.долларын борлуулалт хийж байгаа ч монголчуудад хүртээлгүй. Зэсний үнэ өсч байхад монголчууд шүлсээ залгин харахаас хэтрэхгүй алдаатай гэрээг хийсэн.

Таван толгойг хүртэл бүхлээр үнэлэн зарья гэсэн санаачлагыг С.Ганбаатар гарган амьтан инээлгэж байлаа. Үлгэрлэвээс байшинг гал тогоо, зочдын өрөө гэлгүй бүхлээр үнэлье гэсэн санаа байсан юм. Өдгөө  Засгийн газар тав хуваан хятадуудад зарахаар чармайж буй нь С.Ганбаатарын санааг дордуулчихсан харагдана. Оюутолгой монголчуудын мэдлээс гарсан шиг Таван толгойгоо хятадуудад тавиад туучихаж байгаа юм биш үү.

 Нэгэн цаг дор С.Ганбаатаргүй асуудал үгүй байв. Автобусны үнийг  хүртэл“Тэнүүн Огоо”, хотын захиргаа  биш С.Ганбаатар тогтоож  байлаа. Этгээд хөдөлгөөн хийдэг, нэр төрөө хайрладаггүй  ч гэлээ эгэл жирийн амьдрал дуртай, энд тэнд харайж явдаг С.Ганбаатар цагаасаа өмнө зөв ярьдаг байсан. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг ард түмэнд хувьцаа хэлбэрээр өгвөл шахааны бизнес багасана гэдэг байв. Тэр үед “Муу популист” гэцгээж байлаа. Оюу толгой, “Бороогоулд”, “Дачин Тамсаг Петрочайна”-гаас санхүүжигч алдарт нийтлэлч үгээ баран муулан байв шүү.

С.Баяр, Ч.Сайханбилэг , З.Энхболд нар С.Ганбаатарыг гутаан доромжлохын тулд нэвтрүүлэг хүртэл хийдэг байлаа. Улаан нүүрэн дээр нь эдийн засаг чинь болохгүй байна, Оюутолгойн гэрээ буруу, Таван толгойгоо бүтээн байгуулалтанд зориулаач гэснийхээ амьтны адаг, арьсны год болж байв.  Энэ цаг үед төрсөн ясны тэмцэгч С.Ганбаатарыг муулах цаг байвч магтах үе ирнэ. Түүний зөв байлаа.

“Эрс шинэчлэл” хөдөлдөөний гишүүн  С.Батхүү

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.