Өдөр өдрөөр нэмэгдэж буй залилангийн гэмт хэргээс
2016-10-26, 10:56 AM

150 орчим сая төгрөгийн эд зүйлийг зээлээр авч улмаар зээлийн хугацаа дууссан боловч мөнгийг нь өгөлгүй айлган сүрдүүлсэн, заналхийсэн хэмээн иргэн Б-гээс ирсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст Эрүүгийн хуулийн 148.3 зааснаар хэрэг үүсгэн шалгасан байна.

Эрүүгийн цагдаагийн газрын 4-р хэлтэс, Тусгай ажиллагааны газрын алба хаагчид “Гандан бороо” хочтой сэжигтэн “Б” гэгчийг 2016 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 18.00 цагийн үед Баянгол дүүргийн II хороонд байрлах гэрээс нь баривчилсан байна.

Баривчлах үеэр дээрх хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан сэжигтэн “Б” нь мансууруулах бодис хэрэглэсэн байсан бөгөөд гэрээс нь медафитамин төрлийн мансууруулах бодис илэрсэн байна. Тиймээс сэжигтэн “Б”-д холбогдуулсан Эрүүгийн хуулийн 148.3-т заасан хэрэг дээр нэмж, Монгол Улсын Эрүүгийн Хуулийн 192 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийг нэгтгэн шалгахаар болжээ.

Эрүүгийн хуулийн 148.3-т урьд нь хулгайлах, булаах, завших, дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг аж. Мөн 192 дугаар зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахтай холбоотой зүйл заалтууд ордог байна.

 Сhingis.mn Сэтгүүлч С.Нарангарав

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.