МОНГОЛ ЭРДЭМТДИЙН БҮТЭЭСЭН “НЕФРОМОН” БЭЛДМЭЛ ОРОСОД ХУДАЛДААЛАГДАЖ ЭХЭЛЖЭЭ
2015-01-21, 07:08 PM



Монголчууд бид олон зүйлээрээ бахархдаг. Тэгвэл бас нэг таатай мэдээ сонсогдлоо. Анх удаа монгол эрдэмтдийн бүтээсэн эм гадны оронд худалдаалагдаж хүмүүсийн талархлыг хүлээж байгаа явдал. Бид эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ тэр болгон ойшоодоггүй ч байгалийн гаралтай цэвэр эм бэлдмэлээ бол маш сайн хэрэглэдэг. Монголын эмийн зах зээлд тэргүүлэгч “МОНОС” группын хамт олон удахгүй 15 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тэдний ойдоо барьж байгаа хамгийн том бэлэг бол Оросын зах зээл дээр бөөр хамгаалах “НЕФРОМОН” бэлдмэлээ гаргасан явдал болов. Оросын эмийн зах зээл бол үнэхээр том. Энэ том зах зээлд нэвтрэхэд сайн бүтээгдэхүүнээс гадна уйгагүй хөдөлмөр зүтгэл, судалгаа, байнгын ажиллагаа, хөрөнгө мөнгө шаардлагатай. Моносын хамт олон энэ бүхнийг даван туулж Монголчууд хавдарын эсрэг эм бүтээжээ гэсэн дуулиан төдий л намжаагүй байхад бөөр хамгаалах “Нефромон” бэлдмэлээ ОХУ-д зарж эхэлсэн тухай мэдээлэл түгэв. “Нефромон”-ыг ОХУ-ын зах зээлд гаргах гэж нийт таван жил гаруй хугацаа зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл Монголд хийгдсэн бүх туршилтуудыг ОХУ-д давтаж хийжээ. Тодруулбал монгол эрдэмтдийн амьтан дээр хийгдсэн туршилт, хүн дээр хийгдсэн туршилт, химийн болон технологийн стандартын бүх туршилтууд давтагдаж хийгдээд, ОХУ-ын хууль дүрэм, стандартыг амжилттай даваад тус улсад зарагдахаар болжээ. ОХУ-д зарагдах “Нефромон”-ыг хийхдээ Монголд 14 жилийн өмнө хийсэн “Нефромон”-оос өөрөөр хийжээ. Өмнөх “Нефромон” спиртэн ханд байгаа. Спиртэн уусмалыг хүүхэд, спиртийн харшилтай хүн хэрэглэж болдоггүй. Тийм учраас ОХУ-д зарагдах “Нефромон”-ыг Оросын эрдэмтэдтэй хамтарч, сироп хэлбэртэй хийжээ. Ургамлын ханд амархан исэж, хурдан чанараа алддаг болохоор хийхэд их төвөгтэй аж. Тэгэхээр чанарыг нь алдагдуулахгүйн тулд нэг бол спиртээр эсвэл чихрээр хандалдаг. Чихрийг сонгохоор их өтгөн хандлагддаг болохоор чихрийн хордлоготой, диатезитэй хүүхдүүдэд хэрэглэхэд зохимжгүй бөгөөд калори ихтэй болчихдог тул том хүн хэрэглэхэд ч таатай бус. Тиймээс моносчууд өөр арга сэдэж цэвэр байгалийн гаралтай органик бодисоор хандалж хийсэн нь хэрэглэгчдийн талархлыг их хүлээжээ. Үйлчлэгч бодис нь этилийн спиртээр хандалж хийдгээс сайн бөгөөд хамгийн орчин үеийн дэвшилтэт технологийг ашигласан гээд олон давуу талтай болжээ. Монгол хүний оюуны бүтээл болсон шинэ эмээ Оросын зах зээлд гаргахаас өмнө тус компанийнхан ОХУ-ын зах зээлд зарагдаж буй энэ төрлийн эмийн зах зээлийг системтэйгээр судалж, Германы “Бионорика” пүүсийн “Канефрон” гэж эм Оросын бөөр хамгаалах чиглэлийн нийт зах зээлийн 60 орчим хувийг эзэлдэг гэдгийг мэдэж авчээ. Мөн Энэтхэгийн, Францын болон Оросын дотоодын үйлдвэрлэсэн олон эм өрсөлддөг байна. “Нефромон”-ы хувьд тэд зах зээлийн 60 хувийг эзэлж буй “Канефрон” эмтэй өрсөлдөнө гэж үзэн, ажиллаж байна. Учир нь тэдний хийсэн олон судалгаагаар “Нефромон” бол Оросод зарагдаж буй ижил төрлийн эмнүүдээс дутахгүйгээр үл барам тэргүүлэх хэмжээний чанартай болох нь батлагджээ.Тиймээс Орос дахь түншээ маш сайн байх ёстой гэж үзээд Оросын эмийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт өндөр нэр хүндтэй, туршлагатай, Санкт Петербургт төв нь байрладаг “Фармамед” хэмээх компанийг түншээрээ сонгожээ. Энэ компаний захирлаар Андрей Гомжин гэдэг чадварлаг бизнесмен ажилладаг бөгөөд саяхан Монголд зочилж, маркетингийн төлөвлөгөөгөө хамтран батлаад явжээ. “Фармамед” компани зөвхөн ОХУ-д төдийгүй Беларусь, Казахстан, Украйн гээд олон оронд эмээ гаргадаг, бүс нутагтаа нэр хүндтэй пүүс юм. Тус компаний “Валемидин” гэдэг ургамлын гаралтай, тайвшруулах үйлчилгээтэй бэлдмэл нь өнгөрсөн 10-р сард Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн. Одоо уг бэлдмэлийг зах зээл, эмчилгээнд хэрхэн нэвтрүүлэх вэ гэдэг ажил хийгдэж байгаа аж. Монгол хүний оюуны бүтээл болсон “Нефромон” ОХУ-аас гадна Казахстан, Беларусь улсад худалдаалагдах зөвшөөрлөө ч авчээ. Өөрөөр хэлбэл шууд Евро-Азийн гурван улсад худалдаалагдаж эхлэнэ гэсэн үг. Эхний ээлжинд зах зээлээ түнших маягаар туршилтын хэлбэрээр бага хэмжээгээр худалдаалагдаж эхлэсэн ч энэ гуравдугаар сараас ОХУ-д өргөн хэмжээгээр зарагдаж эхлэх “Нефромон” бэлдмэл нь чанарын хувьд Оросын эмийн зах зээлийн тэргүүлэгч бүтээгдэхүүнтэй өрсөлдөх түвшинд хүрсэн нь эндээс харагдаж байна. “Монос” группийг үүсгэн байгуулах үедээ тавьсан нэг зорилт тэдэнд байдаг нь Монгол Оюун Сэтгэлгээний бүтээлийг дэлхийд гаргах. МОНОС гэх нэр ч өөрөө Монгол Оюун Санаа, Монгол Оюун Сэтгэлгээ гэсэн үгний товчлол аж. Тиймээс Монгол хүний бүтээсэн эм Оросын хэрэглэгчдийн гарт очиж байна гэдэг том амжилт юм. Монгол Оюун Сэтгэлгээний олон бүтээлийг дэлхийн олон оронд түгээхийн төлөө хичээн ажиллаж байгаа Моносчууд ийнхүү монгол эмийн бренд болсон “Нефромон”-оороо цахиур хагалж эхэллээ.

Н.Удвал.

 

 

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.