Номын худалдагч В.Энхжаргал: Би ямарч хүнтэй танилцаад ном зардаг гэхээр ямар гоё юм бэ гээд хүлээж авдаг.
2017-10-09, 01:39 PM

Ном бол ертөнцийг харах цонх мөн. Энэ үгийг бид бага балчир наснаасаа сонсож өссөн. Тэгвэл 22 жил ард түмэндээ ном худалдах буянтай ажлыг хийж байгаа В.Энхжаргалтай хийсэн  ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэж байна.  

- Багшийн дээдийн урд ном зарж байгаа хүмүүсийг болиулна гэж яригдаад байгаа энэ талаар та ямар бодолтой байна?

Нэн түрүүнд түцний асуудал тулгамдаж байна. Өөрсдөө ажлын байр өгөхгүй, өөрийхөө чадлаар олоод ажиллуулж байхад  энийг болиулна гэдэг төр засгийн буруу бодлого л гэж бодож байна. Тэгсэн дор бол авч байгаа татвараа нэмээд явбал болно. Бүр болохгүй бол тодорхой газрын зааж өгөөд явуулах хэрэгтэй. Энэ газар өөр барилга барина гэж дам сонссон. Хэрвээ тэгвэл зураг төслийн авчраад үзүүлээд тайлбарлах хэрэгтэй л байх. Хүний амьдрал явж байгаа гэдгийг төр засаг ойлгохгүй юм.

- Та хэр удаан ном зарж байна?

Би 1995 оноос хойш 22 жил ном зарж байна. Анх хүнсний 20-ийн нүхэн гарцанд номоо зарж байлаа. Дараа нь хойшоо хөөгдөөд урт цагаан дээр аваачсан. Тэнд яахуу нэг компани майхан бариад зохион байгуулалтанд орж л байсан. Сүүлд нь нөгөө компани маань ч алга болоод тэгээд явсаар байгаад наашлаад багшийн дээдийн энд ирж номоо зарж эхэлсэн.

- Та ямар номонд дуртай вэ?

Багаасаа уран зохиолын ном уншдаг байсан. Тэр үед чинь ном ховор нэг нэгэндээ гар дамжуулаад гуйвраар авч уншдаг байлаа. Би Жульверний зохиол, Шерлок Холмс, Александр Гумены зохиолууд, уран зохиолын ном, сонгодог номонд дуртай, бүгдийн уншсан.  

- Яагаад ном зарах болсон бэ?

1988 онд цэргээс халагдаад гурван жил барилгын модон эдлэлд ажилласан. Зах зээлд шилжихэд үйлдвэр маань хаалгаа барьж, цомхотголд ороод ажлаасаа гарч байлаа. Удалгүй хүү маань төрлөө би ажилгүй энд тэнд очиж олдсон ажлаа хийдэг. Дараа нь охин маань төрөөд гурван сар болоод гэр бүлээрээ зураг авахуулах гэсэн мөнгө байдаггүй. Би ажилгүй. Тэгээл гэртээ байсан хэдэн номоо аваад гарсандаа. Эхлээд үүргэвчиндээ үүрээд явлаа, сүүлд нь хоёр үүргэч болоод айлд үлдээдэг болсон. Ингэж л ном зарж эхэлсэн.

- Таны хувьд ном юу вэ?

Миний амьдрал. Би ямарч хүнтэй танилцаад ном зардаг гэхээр ямар гоё юм бэ гээд хүлээж авдаг. Эрдэм ном эрхэм дээд гэдэг үг үнэн юм. Нэг удаа Швейцарт ажилладаг байсан ах маань чамайг энд нэг хүн таниад аягүй сайн ах гэж ярьж байсныг надад хэлсэн. Тэгэхээр нь бас өөрөөрөө бахархаж л байлаа. Гоё юмдаа хүнд сайн хэлэгдэнэ гэдэг чинь. Би ямарч байсан хүнд буруу юм хийгээгүй хүний толгойнд юм хийж байна гэж боддог.

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.