Төрийн болон төрийн бус өмчийн шилдэг сургууль, цэцэрлэгийг тодрууллаа
2017-10-06, 10:08 AM

Дэлхийн багш нарын 23, Монголын багш нарын 51 дэх өдөр өнөөдөр тохиож байна. Багш нарын өдрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд БСШУ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон МУ-ын их, дээд сургууль, нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн багш ажилчид, удирдлагууд оролцлоо.

Ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн сургууль цэцэрлэгийн оны шилдгүүдийг тодруулсан юм.

Нийслэлийн 2017 оны тэргүүний төрийн бус өмчийн цэцэрлэгээр Ж.Наран эрхлэгчтэй Чингэлтэй дүүргийн “Басархан” цэцэрлэг тодорсон бол төрийн өмчийн цэцэрлэгээр н.Булган эрхлэгчтэй 96 дугаар цэцэрлэг шалгарлаа. Шагналын нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга гардуулан өглөө.

Харин нийслэлийн 2017 оны тэргүүний төрийн бус өмчийн сургуулиар Сонгинохайрхан дүүргийн гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “ТОЛЬТ” бүрэн дунд сургууль шалгарсан бол төрийн өмчийн оны тэргүүний сургуулиар нийслэлийн Сүхбаатар дүүргийн физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр суургууль тодорсон юм. Шагналыг нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа гардуулан өгч, баяр хүргэлээ.

Мөн энэ үеэр нийслэлийн Боловсролын газраас уламжлал болгон шалгаруулдаг “Боловсрол ээлтэй Засаг дарга” номинацийн эзнээр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланг тодруулж өргөмжлөл гардуулав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.