Аз жаргалын эх сурвалжууд
2017-09-27, 06:08 PM

Хоёр жилийн өмнө миний нэгэн танилд гэнэтийн аз тохиосон юм. Сувилагчийн мэргэжлийг эзэмшсэн тэрбээр жил гаруйн өмнө ажилаасаа халагдаж өөрийн хоёр найз бүсгүйтэй хамтран анагаахын чиглэлийн нэгэн авсаархан компанийг байгуулжээ. Тэдний бизнес гэнэтийн амжилтанд хүрч жил гаруйн дараа тус компанийг нэгэн томоохон анагаахын корпораци өндөр үнээр худалдан авчээ. Ингэснээр бүхнийг эхнээс нь эхэлсэн миний танил эмэгтэй маш богино хугацаанд хөл дээрээ босч 32 насандаа насаараа “идэх” мөнгийг олсон юм. Саяхан би түүнтэй тааралдаж, тэрнээс хэр аз жаргалтай байна вэ? хэмээн асуув. Тэрээр хэлэхдээ: “Гадаадад аялаж, хүссэнээ хийх нь маш сайхан юм. Харин аз тохиож хүсэл ханаснаас хойш бүх юм өөрийн байрандаа эргэн орж, амьдрал хэвийн болсон. Тухайн нөхцөл байдал өөрчлөгдөж, би шинэ байшин, хэрэгтэй хэрэггүй новш худалдаж авсан ч гэсэн урьдаас илүү аз жаргалтай болоогүй гэж боддог хэмээн ярив. Энэ үеэр би ДОХ өвчин туссан нэгэн танилтайгаа учирсан юм. Энэ байдалд хэрхэн хандаж буйг түүнээс асуув. - Эхлээд энэ аймшигт мэдээг сонсоод мэдээж хэрэг сэтгэлээр их унасан. Би эдгэршгүй өвчин туссан гэдэг бодолтойгоо эвлэрэхийн тулд нэг жил болсон. Гэвч энэ жилийн дотор бүх юм өөрчлөгдсөн. Би урьдийн адил бус амьдралыг өөр нүдээр харж амьдрах болсноор одоо хавьгүй аз жаргалтай байна. Өдөр тутмын эд зүйлийг ихээхэн үнэлж сурсан. Одоо болтол энэхүү аймшигт өвчин даамжирч хүндрээгүй тул би хувь заяандаа баярлаж явна. Иймэрхүү өвчин тусах нь сайн сайханд хүргэхгүйг би ойлгож байвч нөгөө талаараа миний амьдралыг эерэгээр өөрчилсөн мэт санагдана. - Энэ чинь юу гэсэн үг вэ? хэмээн би асуув. - Жишээлбэл би тууштай материалист үзэлтэй байсныг та мэднэ. Гэвч өнгөрсөн жилийн дотор миний оюуны ертөнц өөрчлөгдөж, маш их зүйлийг ухаарлаа. Би амьдралдаа анх удаа оюунлаг бүтэлд анхаарлаа хандуулж, олон арван ном уншиж, хүмүүстэй харьцах болсон. Өдөр ирэх бүр би урьд өмнө хэзээ ч бодож байгаагүй их зүйлийг өөртөө нээж байна. Өглөө сэрэхүйд энэ өдөр надад юу авчрахыг бодсоор эхлэх болсон тул би аз жаргалтай байна. Энэхүү хоёр тохиолдлоос харахад аз жаргал нь аливаа гадны хүчин зүйлээс бус гол төлөв хүний ухамсрын байдлаас хамаардаг нь тодорхой.


Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.