Б.ЛХАГВАЖАВ: МОНГОЛЫГ ДАЙРЧ БУЙ ДЭД БҮТЭЦ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТИЙГ ХУРДАСГАНА
2017-09-27, 05:26 PM
Хөх хот. /МОНЦАМЭ/. Монгол-Хятадын экспог зохион байгуулахад Монголын талаас МҮХАҮТ онцлох үүрэгтэй оролцож байна. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав дараах асуултад ийнхүү хариулав. 

-Бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийг нэгтгэсэн гол байгууллага бол МҮХАҮТ. Энэ удаагийн экспогоос бизнесийхэнд ямар үр дүнг одоогоор хэрхэн томьёолж байгаа вэ?

-МҮХАҮТ Монгол-Хятадын экспод өндөр ач холбогдол өгч, зохион байгуулагчаар оролцдог. Энэ удаагийн экспо өмнөх форумаар хийсэн яриа хэлцлийн үр дүнг хэлэлцэх, төлөвлөсөн ажлаа амжилттай үргэлжлүүлэх, цаашид шинэ төвшинд гаргахад чиглэж буйгаараа онцлогтой юм. Хоёр орны экспогийн үр дүнд халуун дулаан уур амьсгал, харилцан ойлголцол бий болж, шинэ зорилтууд дэвшүүлсэн. Энэ зорилтууд маань амжилттай хэрэгжиж байна. Энэ бүх зорилтуудыг амжилттай гүйцэтгэж, үр дүнд хүргэхэд манай бизнес, худалдаа үйлчилгээний салбарынхны хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Энэ бүх ажлуудыг амжилттай хэрэгжүүлэх гол гүүр нь хоёр орны экспо юм. Мөн энэ удаагийн экспогийн маш чухал зорилт бол Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридорын асуудал. Энэ хүрээнд яриа, хэлцэл өрнөж байна.

-Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор байгуулах нь бүс нутгийн,  төдийгүй дэлхийн эдийн засгийн хэмжээний томоохон хөтөлбөр. Энэ ажил хэр эрчимжиж байна вэ?

-Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридорын хүрээнд 32 төслийн гуравт нь сая Москвад гарын үсэг зурсан. Энэ төслүүдийг хэрэгжүүлэхэд гардан оролцож, хөрөнгө оруулах, санхүүжилт хийх, гүйцэтгэх компаниудыг Монгол-Хятад-Оросын компаниудаас түлхүү оролцуулан сонгон шалгаруулах асуудлыг хөндөж байгаа.

Энэ утгаараа энэ бүх ажил хэрэгт манай бизнесийн салбарынхан гол хүч, ноён нуруу нь болж байна. Энэ удаагийн экспод оролцож буй 400 орчим компани, аж ахуйн нэгж 20 гаруй гэрээ хэлэлцээр байгуулна.  Өнөөдрийн Монголын улстөрийн нөхцөл байдал энэ том ажлуудыг тасралтгүй, амжилттай явуулахад хүндрэл гарах вий гэсэн болгоомжлол үүсгэж болзошгүй гэж хэлж болохоор нөхцөл байдал үүсээд байгаа ч гэсэн бүс нутгийн хэмжээний том төсөл гэдэг утгаараа энэ ажил эрчтэй үргэлжилнэ гэдэгт итгэж байна. Монгол Улс Зүүн хойд Ази, Азийн бүсийн хөгжлийн зааг дээр байгаа. Монголыг дайрч гарч буй энэ дэд бүтэц, эрчим хүч, цахилгаан станц гэх мэт томоохон ажлуудыг амжилттай хийснээр эдийн засгийн эргэлтийг хурдасгана.
Гол нь хөгжлийн гарцыг Монголчууд гацааж болохгүй. Энэ дэд бүтцийн ажлыг маш хурдан явуулснаар Зүүн Азийн бүсийн хөгжлийн интеграцчилалын гол цэг нь Монгол болоход их дөхөм юм.
- Аж ахуйн нэгжүүд өмнөх экспогийн үеэр 1,3 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Энэ жилийн хувьд  экспод оролцож буй аж ахуйн нэгжүүдийн авчирсан бараа бүтээгдэхүүний хэмжээ нэмэгджээ. Компаниуд борлуулалт хийхийн зэрэгцээ урт хугацааны хамтын ажиллагааг чухалчилж байгаа. Энэ тухайд?
- Өмнөх экспогоор Монголын компани, аж ахуйн нэгжүүд амжилттай. Энэ жилийн хувьд хил гаалиар зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн нэвтрэхэд багагүй бэрхшээл тулгарсан ч бид холбогдох байгууллагуудтай хамтран бүх хүчээ дайчлан зохицуулж экспо үргэлжлэх хугацааг хоёр хоногоор буюу 10 дугаар сарын 2 хүртэл сунгалаа. Экспо болж байгаа энэ өдрүүдэд худалдаа хийхээс гадна бизнесийн гараагаа эхлүүлэх, хамтран ажиллах түншээ олох, харилцан туршлага солилцох зэргээр бизнесийнхэн урт хугацааны хамтын ажиллагаа тогтооход анхаарч ажиллаж байна. Хэдийгээр Монголд зарим талаар эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа ч гэсэн хямралын энэ үед хөгжил, хамтын ажиллагааны дараагийн гарцаа бий болгох нь чухал. Энэ ч үүднээс манай бизнесмэнүүд экспод их ач холбогдол өгч оролцож байна. Саяхан гэхэд БНХАУ-ын Жилинд болж байгаа бизнесийн арга хэмжээнд 50 бизнесмэн, Манжуурт болсон үзэсгэлэн худалдаанд 500 гаруй аж ахуйн нэгж оролцлоо. Мөн саяхан Эрээнд болсон үзэсгэлэнд амжилттай оролцсон гээд манай бизнесийнхэн гадаад харилцаандаа анхаарч байна. Нөгөөтэйгүүр үүнийг хямралыг давах дараагийн гарцаа хайж буй алхам гэж ойлгож байна. Манай улстай 4300 гаруй км хиллэдэг Өвөр Монголын Өөртөө засах орны том зах зээлийг нээж, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэг бол том ололт юм. Тийм учраас бидний хамтын ажиллагаа цаашдаа улам өргөжинө гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.