БНХАУ МОНГОЛООС ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОХ СОНИРХОЛТОЙ БАЙНА
2017-09-27, 05:11 PM

Хөх хот /МОНЦАМЭ/. Монгол-Хятадын хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалтын чуулга уулзалт Хөх хотын Шин Чен буудлын хурлын танхимд боллоо.
Тус чуулга уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн оролцож үг хэлсэн юм. 
Тэрээр хэлэхдээ, “Монгол Улсын хувьд мал аж ахуйн салбарт туршлагатай. Газар тариалан шинэ салбар хэдий ч чамлахааргүй туршлага хуримтлуулсан. Сүүлийн жилүүдэд малын тоо толгой тогтмол өсч, 2016 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 61.5 сая толгой болж өмнөх оноос 5.569.5 мянга буюу 9.9 хувиар өслөө. Цаашид махны нөөцийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой бөгөөд экспортод 5.6 сая тоо толгой мал буюу нийт 128.5 мянган тонн мах экспортлох боломж байна. Манай улсын мал нядлах, мах боловсруулах нийт 46 аж ахуйн нэгжээс ОХУ, БНХАУ, Вьетнам, Иран зэрэг орны мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэн зөвшөөрөл авсан мал нядлах 24, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах 6 үйлдвэр бүтээгдэхүүнээ экспортлох зөвшөөрөл аваад байна. Эрүүл бүсийг бий болгосноор дээрх үйлдвэрүүд 10 аймгаас мал бэлтгэн хорио цээрийн дэглэмд оруулах, лабораторийн шинжилгээ хийх, зөвхөн эрүүл болох нь нотлогдсон мал нядалж экспортолно” хэмээн онцлов.
ӨМӨЗО-ны Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга Ван Чжонг Хө:
“Нэг бүс ба нэг зам” төсөлтэй  уялдуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хоёр орны тогтвортой хөгжлийг ахиулах зорилгоор энэ хурлыг зохион байгуулж байна.  Монгол Улстай газар нутгийн хувьд дөт төдийгүй соёл, зан заншил ойролцоо, мал аж ахуй эрхэлдэг гээд бидэнд ижил зүйл их бий. Энэ бидний хамтын ажиллагааг өргөжүүлэх том боломж.  ӨМӨЗО нь хөдөө аж ахуйн таван том бүсийн нэг. Жилдээ  12.5 сая тонн үр тариа, 500 сая тонн сүү, 100 сая тонн махыг зах зээлд нийлүүлж байна. Нөгөөтэйгүүр Монгол Улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн цэвэр байгалийн гэдгээрээ давуу талтай. Тиймээс бид Монголоос хүнсний бүтээгдэхүүн импортлох сонирхол бий. Гурван улсын  хамтын ажиллагааг  өргөжүүлэхэд талын зам, торгоны зам төслүүд ихээхэн  үүрэгтэй. Жил бүр болж буй экспо нь талуудын стратегийн хамтын ажиллагааг урагшлуулах, ойлголцлоо өргөжүүлэх хэлэлцээрийн тавцан болно гэдэгт итгэлтэй байна.
БНХАУ-ын Хөдөө аж ахуйн салбарын худалдааг дэмжих төвийн дэд захирал Жан Шао Ван:
Монгол Улс хаяа залган оршиж эдийн засаг, худалдааны салбарт харилцан ашигтай ажиллах шинэ боломжуудыг нээж байна. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт том боломж байгаа. Монголын Хөдөө аж ахуйн  бүтээгдэхүүнийг цэвэр гэдэг утгаар нь  хятадууд худалдан авах сонирхолтой байдаг. Манай улсын хувьд  техник, технологи сайн хөгжсөн  бөгөөд Монгол Улсад энэ чиглэлээр туслалцаа үзүүлэх боломжтой. Хоёр орны экспо нээлттэй, ашигтай ажиллах хоёр орны хөдөө аж ахуйн салбарт тодорхой хөгжил үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.