ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖ ӨГӨХ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛАВ
2017-09-27, 05:10 PM

Хөх хот /МОНЦАМЭ/. Монгол, Хятадын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалтын чуулга уулзалтад  Монгол Улсын  Хүнс Хөдөө Аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хөдөө аж ахуйн салбарт хэрэгжих томоохон төслүүдийг танилцууллаа.

Улаанбаатар хотоос 30 км орчим буюу Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Аргалант Эмээлтийн сууршлын бүстэй хил залган орших Шар хөцийн хоолой хэмээх газарт нийт 160 га талбайд Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төслийг танилцуулсан юм. Эл төсөл нийт  322.1 сая ам.долларын санхүүжилт шаардаж буй бөгөөд дэд бүтцийн бүтээн байгуулалтад 150 сая ам.доллар, үйлдвэрийн бүтээн байгуулалтад 170 сая ам.доллар шаардах юм байна.  Уг паркад арьс шир боловсруулах үйлдвэрийн бүс, ноос ноолуур угаах, самнах үйлдвэрийн бүс, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл, сав баглаа боодлын үйлдвэрийн бүс, дахин боловсруулах үйлдвэрийн бүсийг тус тус бий болгохоор төлөвлөж байгаагаа манай талаас дуулгалаа. Мөн Монгол Ээдэмцэр кластер төслийг хэрэгжүүлэх юм. Энэхүү сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх төсөлд нийт 10 аймгийн 108 сумыг хамарсан хөдөө, орон нутагт сүүний хүргэлттэй тасаг 285, сумын жижиг үйлдвэр 50, боловсруулах үйлдвэр 5 олон улсын жишигт нийцсэн лаборатори, зориулалтын агуулах  байгуулах юм байна.

Түүнчлэн Монгол Улс 874 сая литр сүүний нөөцтэй. Үүний 20 хувь болох 180 сая литр сүүг ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байгаа аж. Эл төслийн нийт өртөг 47.7 сая ам.доллар юм байна. Улмаар орон нутгийг хөгжүүлэх  гол салбар бол хөдөө аж ахуй бөгөөд малын түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах ХАА үйлдвэрлэл технологийн парк байгуулахаар зорьжээ.  Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар хэлбэрээр зохион байгуулж, эхний ээлжинд Архангай аймгийн Эрдэнэмандал сум, Булган аймгийн Сэлэнгэ сумдад ТЭЗҮ боловсруулаад байна. Нийт хөрөнгө оруулалт 12 сая ам.доллар бөгөөд ийм төсөл Монгол Улсын түүхий эдийн нөөц сайтай сумдад хэрэгжих боломжтой.

Мөн махны экспортыг нэмэгдүүлэхээр мал аж ахуй, махны экспортын эрүүл бүс төслийг хэрэгжүүлэх  эрчимт тэжээлийн аж ахуйд суурилсан улирлын болон малын өвчнөөс хараат бус экспортод чиглэсэн эрүүл бүс бүхий махны жишиг үйлдвэр байгуулах төслийн танилцуулгыг хийсэн юм. Өвөрхөнгай аймгийн Хужирт суманд хэрэгжих эл төслийн хүрээнд малын эрчимт тэжээлийн аж ахуй тэжээлийн үйлдвэр экспортын баримжаатай мал төхөөрөх үйлдвэр, мал эмнэлэг, хорио цээр сорилт шинжилгээний лабораторийн цогцолборыг нийт 21 сая ам.долларын өртөгөөр байгуулах юм байна.  

Түүнчлэн хөнгөн үйлдвэрийн салбарт 100 сая ам.долларын өртөг бүхий  Хог хаягдлыг дахин боловсруулах эко парк байгуулах төсөл хэрэгжүүлэх аж. Эл төслийн хүрээнд хог хаягдлаас цахилгаан дулаан биодизель, хий  барилгын материал резенин эдлэл, хуванцар бэлдэц гэх мэт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх боломжтой юм.

Ийнхүү Хүнс Хөдөө Аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт  хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалт шаардлагатай эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий  төслүүдийн талаарх мэдээллийг салбарын яамнаас хөрөнгө оруулагчдад танилцууллаа.

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.