КОКАИН ХЭРЭГЛЭСЭН ЭСЭХИЙГ ХУРУУНЫ ХЭЭГЭЭР ТОГТООХ ТӨХӨӨРӨМЖИЙГ ЗОХИОН БҮТЭЭЖЭЭ
2017-09-27, 05:07 PM
ЛОНДОН. /Cпутник/. Кокаин хэрэглэсэн эсэхийг гараа угаасан ч бай хурууны хээгээр илрүүлэх аргыг Их Британийн судлаачид олжээ.
 
Оросын “Спутник” агентлагийн мэдээлснээр, кокаин хэрэглэсэн эсэхийг тогтоох маш мэдрэмтгий хурууны хээ унших төхөөрөмжийг Их Британийн Суррея их сургуулийн судлаачид Нидерландын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн ба Лондонд төвтэй “Интеллижент Фингерпринтинг” компанитай хамтран зохион бүтээсэн байна.
 
Энэ шинэ төхөөрөмж нь кокаин хэрэглэгчийн арьснаас ялгардаг бензоилкогенин болон метилэггонин хэмээх химийн бодисуудыг илрүүлдэг аж.

Туршилтын явцад уг төхөөрөмж нь 99 хувийн нарийвчлалтайгаар кокаин хэрэглэсэн хүмүүсийг зөв таньж байжээ.
 
Суррея их сургуулийн Химийн тэнхимийн судлаач Мелани Бэйли ярихдаа “Энэ нь мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг илрүүлдэг одоогийн аргуудаас /шүлс, цус болон шээшсний шинжилгээ авах г.м/ илүү шуурхай бөгөөд эрүүл ахуйн шаардлага хамгийн сайн хангасан арга юм. Энэ төхөөрөмжийг хууль сахиулах байгууллагынхан удахгүй хэрэглэж эхэлнэ хэмээн найдаж байна. Мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг энэ төхөөрөмжөөр шалгахад ердөө 30 секунд байхад л хангалттай” гэжээ.
Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.