Тогтвортой хөгжлийн боловсролын тухай ойлголт
2017-09-21, 01:56 PM

Өөрчлөлтийн жимээр 1

Тогтвортой хөгжлийн боловсролын тухай ойлголт 

2013 онд дэлхийн хүн ам долоон тэрбумд хүрсэн. Ийм олуулаа бид нэгхэн цэнхэр дэлхийдээ мөр зэрэгцэн амьдарч, эх дэлхийн нөөц баялгаа  хэд дахин хэтрүүлэн хэрэглэж байгаа ч тэр бүр тэгш шударгаар эрхээ эдэлж чадахгүй байна. Хүн төрөлхтөн амьдралын хэрэгцээгээ хангахын тулд 1.5 дэлхийн нөөцийг хэрэглэж байгаа гэсэн судалгаа 2013 онд гарсан. Нэг дэлхийнхээ байгалийн нөөцийг хэтрүүлж , нэмээд түүний хагасынх шигийг хэрэглэж байгаа гэсэн үг. Хаврын цагт айлууд үүцэлсэн махаа задлаад ариг гамтай зуны сар гартал иддэг. Гэвч хүн төрөлхтний хэрэглээ үүцээ гамнасан монгол айл өрхтэй адилгүй, зөвхөн өнөөдрөөрөө сэтгэж, байгалийн нөөцөө хэтрүүлэн хэрэглэж байгааг өнгөрсөн зууны 70-аад оноос ярьж эхэлжээ.

Байгаль, эх дэлхий бол хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс. Байгалийн нөөц бол эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь. Оршихуйн үндэс,сууриа хайрлан хамгаалахгүй, ариглахгүй  байна гэдэг оршин буйдаа заналхийлж байна гэсэн үг. Судлаачдын тооцоогоор 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9.6 тэрбумд хүрч, хүн төрөлхтөнд гурван “дэлхий” хэрэгтэй болох аж. Дэлхий гэдгийг хашилтад хийсэн нь гариг ертөнц дээр хэзээ ч гурван “дэлхий” бий болохгүй гэсэн санаа. Тэгээд яах ёстой вэ?

Өнөөгийн бид ирээдүй хойчдоо эх дэлхийн нөөц баялгаа үлдээе, ингэхдээ өнөөдөр амьдарч буй бүх хүний сайн сайхан амьдрах эрхийг эдлүүлье, эдийн засгаа ч хөгжүүлье. Энэ бол өнөөдөр дэлхий нийтээр ярьж буй тогтвортой хөгжлийн агуулга.  Өнгөрсөн зууны 70-аад оноос ярьж эхэлсэн  тогтвортой хөгжлийн хэлэлцүүлгүүд үргэлжилсээр 1987 онд   Брундландын тайланд “Ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээ, боломжийг алдагдуулахгүйгээр өнөөдрийн хэрэгцээг хангадаг байх нь тогтвортой хөгжил юм” гэсэн тодорхойлолтыг оруулжээ. Брундландын тайлан гэдэг нь Дэлхийн байгаль орчин ба хөгжлийн хорооноос гаргасан “Бидний нийтлэг ирээдүй” хэмээх баримт бичиг юм.

1992 онд   Бразилын Рио де Жанейро хотод чуулсан “Байгаль орчин ба хөгжил” сэдэвт НҮБ- ын дээд хэмжээний чуулга уулзалтаас “Хөгжлийн хөтөлбөр-21” баримт бичгийг баталж, дэлхий нийтээр тогтвортой хөгжих зорилгыг албан ёсоор өргөн хүрээ, өндөр түвшинд тавив.  Дараа нь 2015 оны  есдүгээр сард Нью-Йорк хотноо хуралдсан НҮБ-ын Ерөнхий ассемблейн 70 дугаар  чуулганаар дэлхийн 193 орны удирдагчид 2030 он хүртэлх дэлхий нийтийн хөгжлийн хөтөлбөр болох Тогтвортой хөгжлийн зорилтуудыг батлав.  Мянганы хөгжлийн зорилтуудын үргэлжлэл болох   уг хөтөлбөрт 2030 он гэхэд ядуурлын бүх хэлбэрийг устгах, эх дэлхийгээ хамгаалж, хүн төрөлхтнийг тайван амгалан, хангалуун, эрх тэгш амьдрах боломжоор хангах дэлхий нийтийн 17 зорилго, 169 зорилтыг  тодорхойлж өгсөн.

Уг 17 зорилгын эхний дугааруудад ядуурал, өлсгөлөнг зогсоох, боловсрол, эрүүл мэнд, жендэрийн тэгш байдалд анхаарах зэрэг  хүний   эрхийн асуудлуудыг тусгасан байдаг. 17 зорилгын 12 дугаарт тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийн хэв маягийг бий болгох, 13 дугаарт уур амьсгалын өөрчлөлт болон түүний үр дагаварт дасан зохицох, тэмцэх асуудлуудыг тусгасан. Дэлхийн улс орнууд, ард иргэд нь хүртэл  ахуй амьдрал, үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягийг  өөрчилж байгальд илүү ээлтэй, “ногоон” хэв загварт шилжих үйл явцыг “ногоон хөгжил” гэж нэрлэн, энэ хэв маягаар замнахыг улс орнууд  төрийн бодлогодоо тусган хэрэгжүүлж байна. 2015 онд дэлхийн уур амьсгалын өөрчөлтийн асуудлаарх Парисын хэлэлцээр  болж, дэлхийн улс орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтаа багасгах үүрэг хүлээсэн. Ялангуяа аж үйлдвэржсэн томоохон улсууд хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг бөгөөд нүүрстөрөгч бага ялгаруулдаг дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэд бүтэц бий болгоход хариуцлагаа өндөржүүлэн ажиллаж байна. Энэ бүхэн бүгд НҮБ-ын гишүүн улс орнуудын дэвшүүлэн тавьсан тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх чиглэлүүд юм. 

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ 

Хамгийн энгийн жишээ. Бид  LED гэрэл хэрэглэвэл цахилгаанаа хэмнэж, өрхийн төсвөө хэмнэхээс гадна дэлхийн дулаарлын эсрэг хувь нэмэр оруулж байна гэсэн үг. Үүний  учир холбогдлыг мэддэг, хэрэглээндээ  хэвшил болгож, бусдад  нөлөөлж, хамтран шийдвэр гаргаж буй хүнийг тогтвортой хөгжлийн боловсролыг зохих хэмжээгээр эзэмшсэн хүн гэж хэлж болох юм. Энэ  энгийн л нэг  жишээ. Тогтвортой хөгжил нь хүн бүрт хамаатай, газар бүр хэрэгжих учиртай, нийгэм бүхэлдээ өөрчлөгдөн шинэчлэгдэх  үйл явц. Тэгвэл тогтвортой хөгжлийн үйл явцад оролцогч хэн бүхэнд  тогтвортой хөгжлийн боловсролтой байх шаардлага тулгарсан. Байгаль орчны боловсрол, экологийн боловсрол нь ил харагдах байгалийн доройтол, сүйрэл зэргийг өнгөн талаас нь танин мэдүүлдэг. Харин тогтвортой хөгжлийн боловсрол нь яагаад дэлхий дулаарав, дулаарал байгаль орчин, хүний амьдрал, нийгэм, эдийн засгийн хөгжилд хэрхэн ул мөрөө үлдээж буйн цаад учир шалтгааныг илрүүлж, танин мэдэж, нөлөөг бууруулах, асуудлыг шийдэхэд бүтээлч оролцогч байх хандлага, хэвшлийг бий болгодог. Шар гэрлийн чийдэнгээ LED гэрлээр ухамсартайгаар сольж буй иргэн үүний жишээ.  

НҮБ-ын Ерөнхий асамблейн шийдвэрээр 2004 онд “Тогтвортой хөгжлийн боловсролын 10 жилийг зарлаж, 2005-2014 онд хэрэгжүүлэн,  суурь боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах,  боловсролын хөтөлбөрүүдийг тогтвортой хөгжлийн үзэл санаанд нийцсэн чиг баримжаатай болгох,  тогтвортой хөгжлийн  талаарх олон нийтийн ойлголт, ухамсрыг дээшлүүлэх, тогтвортой байдлыг урагшлуулахад чиглэсэн бүх шатны сургалтуудыг дэмжих чиглэлүүдэд онцгой анхаарчээ. Тогтвортой хөгжлийн төлөөх боловсролыг хүмүүст түгээх үйл явц өнөөдөр ч үргэлжилж байгаа бөгөөд цаашид тасралтгүй үргэлжлэх үйл явц юм.2014 оны 11 дүгээр сард  Японы   Айчи-Ногаяд   “Тогтвортой ирээдүйн төлөө өнөөдөр суралцъя” (Learning Today for a Sustainable Future) уриан дор зохион байгуулсан бага хурлаар  НҮБ-аас зарласан Тогтвортой хөгжлийн боловсролын 10 жилийг дүгнэсэн бөгөөд  Айчи-Ногая-гийн тунхаглалд  уг  үйл ажиллагааг  2019 он хүртэл  үргэлжлүүлэх зорилго тавьсан.   ЮНЕСКО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ирина Бокова “Боловсрол-Тогтвортой байдлыг хангах хамгийн хүчирхэг зам. Бид бодож байгаа болон үйлдэж буй арга замдаа суурь өөрчлөлт хийх хэрэгтэй байна” гэж 2012 онд хэлжээ. Тогтвортой хөгжлийн боловсрол гэдэг нь  тогтвортой хөгжлийн төлөө хүмүүс мэдлэг, ур чадвар, үзэл хандлага, хэрэглээ, хэвшилтэй болох насан туршийн суралцахуй. Тухайлбал,хог хаягдлыг хэрхэн ангилан ялгаж хаях, дахин ашиглах тухай мэдлэгтэй болоод, түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх чадвартсуралцаж,  хандлага, хэвшил болгож   дагаж мөрдөх үйл явц. Энэ нь байгаль орчноо хайрлаж, нөөц баялгаа хэмнэж, эрүүл мэндээ хамгаалж буй үйл явц гэдгийг ойлгож, бусдад ч бас нөлөөлж, хамтран хэрэгжүүлж  буй хүнийг тогтвортой хөгжлийн боловсролд суралцаж буй хүн гэж хэлж болох юм. 

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ МОНГОЛД 

Монгол Улс Рио де Жанейрогийн 1992 оны тунхаглалыг хүлээн авч, 1998 онд “Монгол Улсын 21-р зууны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, 2008 онд “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг баталсан. 2014 онд УИХ-аар Ногоон хөгжлийн бодлогоо баталсан бол   “МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ- 2030” баримт бичгийг 2016 онд УИХ-аар баталсан билээ.   Уг  Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр Монгол Улс 2030 онд нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 ам. долларт хүрч,  эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2016-2030 онд 6.6 хувиас доошгүй байж, ядуурлын бүх төрлийг эцэс болгоно хэмээн тусгасан.   Харин тогтвортой хөгжлийн боловсрол хөтөлбөрт Монгол Улс 2005 онд нэгдэн орж, Засгийн газраас Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.  Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл 2015 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж байна. 

Тус төслөөс БОАЖЯ, БСШУЯ, бусад салбарын байгууллагуудыг болон сэтгүүлчид, олон нийтийг чадавхжуулах, аж ахуйн нэгж,  бизнесийн салбарынханд ногоон бизнесийн сургалт хийх, олон  улсын Эко сургуулийн хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна. 

Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.