ДЭЛХИЙГ АВАРСАН ХҮН" ТААЛАЛ ТӨГСЧЭЭ
2017-09-20, 04:56 PM

МОСКВА. /Би-Би-Си/. Хүйтэн дайны оргил үед дэлхий нийтийг цөмийн гамшгийн аюулаас зайлуулж чадсан ЗХУ-ын армийн офицер 77 насандаа таалал төгсчээ.

Их Британийн "Би-Би-Си" телевизийн мэдээлснээр, Станислав Петровыг 1983 онд Оросын Цөмийн зэвсгийн аюулаас урьдчилан анхааруулах төвд үүрэг гүйцэтгэж байхад нь “АНУ-аас пуужингууд харвалаа” гэсэн дохио хиймэл дагуулаас компьютерт ирж байжээ. Харин тэрбээр ийм түгшүүрийн дохио ирснийг удирдлагууддаа мэдэгдэх гэж яаралгүй харзнахаар шийдсэнээр “хуурамч дохио” болохыг нь олж илрүүлсэн аж.

Эл хэргээс хойш олон жилийн дараа ил болсон түүний энэ шийдвэр цөмийн дайны аюулыг таслан зогсоосон гэж дэлхий нийт үздэг юм.

Дэд хурандаа цолтойгоор чөлөөнд гарсан С.Петров энэ оны тавдугаар сард Москва хотод гэртээ таалал төгссөн байна. Гэвч дэлхий нийт түүний үхлийн тухай одоо л мэдэж байна.

Тэрбээр 2013 онд “Би-Би-Си” телевизэд ярилцлага өгөхдөө “1983 оны есдүгээр сарын 26-ны өглөөгүүр “АНУ-аас хэд хэдэн пуужин харвалаа” гэх түгшүүрийн дохио компьютерт ирсэн. Хэрвээ би тухайн үед энэ тухай дээшээ шуурхай мэдээлсэн бол үүнийг “хуурамч дохио байх” гэж эргэлзэх хүн тэр үед байхгүй байсан болов уу. Надад захирагч нартаа утсаар мэдээлэл өгөх бүрэн боломж байсан. Гэхдээ би тэгээгүй. Тэр үед надад халуун хайруулын тавган дээр сууж байгаа юм шиг л мэдрэмж төрж байсан” гэж ярьж байжээ.


Хэрвээ тэрбээр тухайн үед энэ тухай удирдлагууддаа мэдээлсэн бол анхны цөмийн дэлбэрэлт хэдхэн минутын дараа болох байжээ.

Нарны туяа үүлэн дээр туссаныг “тив алгасах баллистик пуужингийн хөдөлгүүр” гэж ЗХУ-ын хиймэл дагуулууд андууран тооцоолсон  болох нь хожим нь тогтоогдож байв.

С.Петровын түүхийг дэлхий нийтэд анх танилцуулж байсан Германы кино найруулагч Карл Шумахер энэ сарын 9-нд түүнд төрсөн өдрийн мэнд хүргэхээр утсаар залгахад түүний хүү Дмитрий Петров утас аваад “Аав минь энэ оны тавдугаар сарын 19-нд бурхны оронд заларсан” гэжээ.

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.