ЭЙФЕЛИЙН ЦАМХГИЙГ ТОЙРУУЛААД СУМ НЭВТЭРДЭГГҮЙ ШИЛЭН ХАНА БАРЬЖ ЭХЭЛЖЭЭ
2017-09-20, 04:54 PM

ПАРИС. /Спутник/. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Францын нийслэл Парис хотод 200 гаруй хүний аминд хүрсэн цуврал террорист халдлага болсонтой холбогдуулан Эйфелийн цамхаг орчмын аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа тухай тус улсын холбогдох албаны хүн мэдэгдсэнийг Оросын “Спутник” агентлаг уламжилжээ.
 
Парис хотын Аялал жуулчлалын газрын дарга Жан-Франсуа Мартинс өчигдөр мэдэгдэл хийхдээ “Эйфелийн цамхаг орчмын аюулгүй байдлыг сайжруулах ажлын хүрээнд тус цамхгийг тойруулан сум нэвтэрдэггүй шилэн ханыг өнөөдрөөс барьж эхэллээ. Шилэн хана барихад 36 сая доллар, есөн сарын хугацаа орно” гэжээ.
 
Дотоод болон гадаадын жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй байдаг энэ цамхаг орчимд цагдаа нар байнга эргүүлд гардаг болсон хэдий ч дэлхий дахинд терроризмын аюул заналхийлэл өдрөөс өдөрт нэмэгдэж буйтай холбогдуулан Парис хотын захиргаа аюулгүй байдлыг бэхжүүлэх багц арга хэмжээ авах шийдвэрийг энэ оны гуравдугаар сард гаргасан байна.
 
Мөн тус цамхгийн өнгө үзэмжийг сэргээн будах, цахилгаан шатыг шинэчлэх хоёр жилийн төслийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлнэ гэж албаны хүн хэлжээ.

2015 оны нэгдүгээр сард “Шарли Эбдо” шог сэтгүүлийн байранд террорист халдлага болсноос хойш Парис хотын гол гол гудамж, жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй газруудад терроризмтой тэмцэх ажиллагааны хүрээнд 7000 цэрэг, цагдаа эргүүлд гарсаар байгаа аж.

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.