Н.Түвшинбаяр: Олон жил их спортоор хичээллэнэ гэдэг амар ажил биш
2017-09-11, 06:44 PM

“Будапешт-2017” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирсэн тамирчидтай цөөн хором ярилцсан юм.

-Дутуу жинг ур чадвараараа нөхөж медаль авч чадлаа хэмээн Монголын ард түмэн таниар бахархаж байна. Манай багийн тамирчид өмнө нь +100 кг-ын жинд медаль авч байгаагүй?

-Биднийг дэмжиж байсан Монголынхоо ард түмэндээ маш их баярлалаа. Олон жил барилдсаны хүчинд өрсөлдөгчдөө давсан байх аа. Миний хувьд маш олон жил Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авъя гэж бодож, зорьж бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан. Харамсалтай нь -100 кг-ын жинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авч чадаагүй. Энэ жил +100 кг-ын жинд зодоглож, хүрэл медаль авсандаа маш их баяртай байна.

-Дэлхийн аваргаас медаль авах таны том зорилгуудын нэг байсан болов уу?

-Мэдээж, тэгэлгүй яах вэ. Миний медалийн санд ганц байдаггүй медаль нь дэлхийн аваргын тэмцээний медаль байсан. Дэлхийн аваргаас медаль авч зорилгоо биелүүлсэндээ маш их баяртай байна.

-Анх удаагаа жин өгсөж барилдлаа. Дандаа том биетэй “шкаф” шиг залуучуудтай зодоглоход ямар санагдав?

-100 кг-ын жингээс +100 кг-ын жинд барилдахад надад амаргүй байсан л даа. Олон жил барилдсаны туршлагаараа арай давуу байсан болов уу гэж бодож байна.

-Та барилдааныхаа дараа ярилцлага өгсөн байсан. Миний сүүлийн дэлхийн аваргын тэмцээн байж магадгүй гээд?

-Одоо тийм байж магадгүй, 33 нас хүрчихлээ. Олон жил их спортоор хичээллэнэ гэдэг их амар ажил биш.

-Аварга аа, та зодог тайлах талаар бодоод эхэлчихсэн гэсэн үг үү?

-Зодог тайлах талаар биш л дээ. Ирэх жил улсын аварга болно. Залуучууд араас гарч ирвэл тэднийгээ дэмжих ёстой, олон улсын уралдаан тэмцээнд явуулж туршлага хуримтлуулах хэрэгтэй. Залуу тамирчид маань олимп, дэлхийн медаль авч амжилт гаргаасай гэж хүсэж байна.

-Медалиа гардсаны дараа шагналын тавцан дээр танай жингийн гурван тамирчин хоорондоо юу ярилцсан бэ?

-(Инээв.сурв) Нэг их онц юм яриагүй ээ. Сүүлийн дэлхийн аварга уу гэж асуусан.

-Удахгүй таны цолны мялаалга болох гэж байна. Хэзээ нутаг руугаа явах вэ?

-Есдүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Сайхан сум руугаа явна. Энэ жил Монгол Улсын Заан гэдэг цолыг үндэснийхээ баяр наадмаар авсан. Цолыг минь мялааж, ард түмэн, ахан дүүс, найз нөхөд маань хүндэтгэлийн наадам хийх гэж байгаа. Зав, зайтай хүмүүс байвал миний төрсөн нутгаар очиж сонирхоорой, наадам үзээрэй гэж урьж байна.

-Та хэрвээ зодог тайлвал дасгалжуулагч хийх үү, эсвэл улс төрд хүчээ сорих уу?

-Одоохондоо зодог тайлах тухай бодоогүй л байна.

ГАВЬЯАТ ТАМИРЧИН Г.БОЛДБААТАР: ДЭЛХИЙН АВАРГЫН ХОС 
МЕДАЛЬТАН БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА

-Дэлхийн аваргын хос медальтан болсон танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Энэ жилийн ДАШТ-д манай баг тамирчид маш сайхан амжилттай оролцоод хүрэлцэн ирлээ. Багаараа алт, мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ. Бид бүгдийг тусалж дэмжиж байсан гэр бүл, найз нөхөд, баг хамт олон, удирдлагууд, дэмждэг бүх байгууллагууддаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. 2004 онд дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байлаа. Мөн энэ жилийн дэлхийн аваргаас хүрэл медаль авч, дэлхийн аваргын хос медальтан болсондоо баяртай байна.

boldbaatar-Энэ жилийн ДАШТ юугаараа онцлог байв. Бэлтгэл сургуулилтаа өөрийнхөө санаанд хүртэл хийж чадсан уу?

-Ихэнх нь залуу тамирчид байлаа. 2020 оны олимпийн цикль эхэлж байгаа болохоор ихэнх нь залуу тамирчид байсан

-Торгуулийн тойрогт олимпийн мөнгө, дэлхийн аварга Казахстаны Елдос Сметовтой хийсэн барилдаан нэлээн хүнд болсон?

-Елдос Сметовтой 2016 оны олимпод мөнгөн медальтай, 2015 оны дэлхийн аварга тамирчин. Бид хоёрын ялалт 1:1 харьцаатай болохоор хэн ялсан нь хүрэл медалийн төлөө барилдах эрхээ авах байсан. Хүнд барилдаан болсон.

-Зооны аваргын төлөө Гүржийн Амиран Папинашвилитэй барилдах тооцоо хийж байсан уу. Эсвэл Узбекстаны Диёрбек Урозбоевыг гарч ирнэ гэсэн төлөвлөгөөтэй байв уу?

-Энэ хоёр бөх олимпийн татами дээр хүрэл медалийн төлөө өрсөлдөж, Диёрбек Урозбоев хожсон. Би Урозбоевыг гарч ирнэ гэж бодож байсан л даа.

-Хамгийн ойрын тэмцээн, олимпийн эрх олгох тэмцээнүүддээ хэзээнээс явж эхлэх вэ?

-Есдүгээр сарын сүүлээр Азийн цуврал тэмцээнүүд эхэлж байна. Багш нартайгаа ярилцаж байгаад ямар ямар тэмцээнд явахаа шийднэ. Жүдо бөхийнхөн дөрвөн жилийн турш оноогоо цуглуулж байгаад эхний 22 тамирчин олимпод оролцдог. Олон улсын бүх тэмцээнээсээ олимпийн оноогоо цуглуулдаг.

ОУХМ Б.МӨНГӨНЧИМЭГ: ШИГШЭЭ НАЙМЫН БАРИЛДААН МАШ ИХ ХҮНД БАЙЛАА

mungunchimeg-ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн танд  баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Дэлхийн аваргын тэмцээнд ороод манай баг тамирчид зургаан медаль аваад  өнөөдөр эх орондоо ирж байна. Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг, Жүдо бөхийн холбоо болон Монгол Улсын Ерөнхийлөгчдөө маш их баярлаж байна. Бэлтгэл хангаж өгсөн  хамт олон болон дасгалжуулагч багш нартаа ч  гэсэн баярлаж буйгаа хэлмээр байна.

-Таны хувьд ДАШТ-ээс анх удаа хүрэл медаль хүртлээ. Хэд дэх удаагаа дэлхийн аваргын тэмцээнд орж байгаа вэ?

-Насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээнд гурван удаа оролцож байна. Өмнө нь оролцож байсан учраас нэлээн туршлага судалсан. Медалийн төлөөх шийдвэрлэх барилдааныг Хятадын жүдоч Ян Жуньсятай хийж, хоёр дахь минутад цэвэр ялснаар медалийн тавцанд зогсох эрхтэй болсон доо. Ингэж дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Өөрийн хүсэж байсан зүйлдээ хүрсэндээ маш баяртай байна.

-Энэ удаагийн ДАШТ-ий хамгийн хүнд, хүч шавхсан барилдаанаа дурсахгүй юу?

-Жүдо дэлхийн бүх оронд ерөнхийдөө жигд хөгжчихсөн учраас сул өрсөлдөгч гэж бараг байхгүй. Биднийг маш их дэмжсэн учраас энэ удаагийн дэлхийн аваргад маш сайн амжилт гаргалаа. Ерөнхийдөө барилдаан бүхэн хүнд байсан. Гуравдугаар барилдаан болон шигшээ наймын барилдаан маш их хүнд байлаа. Шигшээ наймд шалгарсны дараахь барилдаан ч гэсэн хүнд байсан.

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.