МОНГОЛ ОЮУН САНААГ ДЭЛХИЙД ТАНИУЛЖ БУЙ “МОНОС” БРЭНД
2017-09-08, 04:21 PM

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан GMP (Good Manufacturing Practice)-ын зөвлөмжийн шаардлага хангахуйц хамгийн орчин үеийн иж бүрэн цогцолбор эмийн үйлдвэр Монголд нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. 10 сая орчим долларын өртөг бүхий, олон улсын стандартын шаардлагад нийцсэн үйлдвэрийн энэхүү төсөл “Монос” группийн хамт олны олон жилийн хөдөлмөрийн үр дүнд ийнхүү биеллээ олсон юм. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэн 1990 онд “Монос” нэртэйгээр байгуулагдсан эм, гоо сайхны жижиг үйлдвэр эдүгээ эрүүл мэндийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, экспорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа, судалгаа шинжилгээ, боловсрол, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг 16 салбар компани бүхий томоохон групп болж “Монос” хэмээх нэр Монголд болон хөрш орнуудад хэдийнэ брэнд болсон. “Монгол брэнд” төслийнхөө энэ удаагийн дугаарт бид тус группийн ууган компани болох “Монос” эмийн үйлдвэрийг онцлон танилцуулахаар бэлтгэлээ.  

Олон улсын чанарын менежмэнтийн тогтолцооны ISO9001 стандартыг үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагаанд нэвтрүүлж, харин лабораторидоо ISO17025 стандартыг мөрдөж байсан “Монос” эмийн үйлдвэр ийнхүү GMP стандартыг хангаснаар олон улсын гурван чухал стандартыг нэвтрүүлэн дэлхийн жишигт хүрч чадсан юм. Монгол Улсын Засгийн газар болон Европын Сэргээн босголт хөгжлийн банктай хамтран “Монос” группийн бүтээн байгуулсан олон улсын GMP стандарттай эмийн үйлдвэрийн цогцолбор барилга байгууламж “Forbes Mongolia”-гаас анх удаагаа зохион байгуулсан “Mongolian Property Awards 2015”-ийн Шилдэг үйлдвэрийн барилгаар шалгарсан юм.

Хатуу тугнагдсан /solid dosage form manufacturing/ эмийн үйлдвэрлэлийн нийт талбай 3300 метр квадрат бөгөөд ба эхний ээлжинд 1700 метр квадрат үйлдвэрлэлийн хэсгийг эхлэл материал, эцсийн бүтээгдэхүүн, хүний урсгал гурвыг давхардуулахгүйгээр төлөвлөж зохион байгуулжээ. Энэхүү үйлдвэр нь түүхий эд хүлээн авч боловсруулах, найруулах, хэлбэржүүлэх, анхдагч савлагааны, хоёрдогч савлагааны, чанарын хяналтын, угаалга, үйлчилгээний, хадгалах гэсэн найман үндсэн хэсгээс бүрдсэн байна. Хатуу тугнагдсан эмийн үйлдвэрийг эм үйлдвэрлэлийн зохистой дадал GMP стандартыг Монгол улсад анх удаа нэвтрүүлсэн энэ үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд нь дэлхийн хамгийн нэр хүндтэй компаниудаас сонгогдсон бөгөөд тэдгээрийн давуу тал нь бүх үйлдлийг софт байдлаар хадгалан үйлдэл бүрийг хэвлэж баримтжуулах боломжтой, автомат тэжээгч мөн өөрөө өөрийгөө угаах, цэвэрлэх систем, бүрэн автоматжуулсан аюулгүйн системтэй ажээ. Жилд 350 сая шахмал эм, 100 сая капсултай эм, 2,5 сая шингэн эм болон тос, нунтаг, үрэл эм үйлдвэрлэх хүчин чадалтай.

“Монос” эмийн үйлдвэр нийтдээ 90 гаруй эм бэлдмэлийг шахмал, капсул, нунтаг, үрэл, тосон түрхэц, цацлага, шингэн, галены хэлбэрээр үйлдвэрлэж байгаагаас 30 гаруй нэр төрөл нь тус компанийн брэнд бүтээгдэхүүн юм. Тэднийх Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орсон 25 гаруй нэр төрлийн эмийг үйлдвэрлэдэг. Эдгээрээс дархлааны дэмжих нөлөө бүхий “Салимон”, амны салстын үрэвслийн эсрэг  “Дентамон” бэлмдэл нь Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн юм.

1990 онд академич Л.Хүрэлбаатарын санаачлагаар “Монос” эмийн үйлдвэр дэргэдээ Зохион бүтээх тасаг байгуулж байсан бол 1996 онд Эрдэм шинжилгээний төв, 2008 онд Эм судлалын хүрээлэн болон өргөжиж шинжлэх ухааны ололтод тулгуурлан шинэ эмийн технологи, стандарт, фармакологи, эмнэлзүйн судалгаа шинжилгээ, эрдэм судлал, инноваци, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тус хүрээлэн нь эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнд бий болсон бүтээгдэхүүнийг эмийн үйлдвэрт шууд нэвтрүүлэх инновацийн тогтолцооны гол үүргийг хүлээж байдаг. Өөрийн орны ургамлаас гаргаж авсан “Читамон”, “Эрвалкор”, “Дентамон”, “Натурвит”, “Салимон”, “Нефромон”, “Гепамон” зэрэг шинэ брэнд эм бэлдмэлүүдийг зохион бүтээсэн нь хэдийнэ зах зээлд танигдаж хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн юм. Үүний зэрэгцээ импортын эм бэлдмэлийг орлох ерөнхий нэршлийн “Хлорфенамин”, “Индомон”, “Нафазолин”, “Мебендазол”, “Аспирин С”, “Асппирин 100”, “Энаф”, “Витагрипп” зэрэг 70 гаруй эмийн фармкопейн өгүүлэл болон стандартыг Монгол улсад батлуулж  үйлдвэрлэлд нэвтрүүлээд байгаа юм.
/> 
Монгол, Япон, Хятадын эрдэмтэд хамтран анх үхрийн элэгнээс тусгай технологиор “Эллипин” бэлдмэл гарган авсан нь хорт хаврын эсрэг үйлдэлтэй болох нь нотлогдсон билээ. Судалгаа 10 жил үргэлжилж одоо хэрэглээний шатанд шилжихэд үндсэндээ бэлэн болоод байгаа. Элэгний хорт хавдар, элэгний цирроз, элэгний архаг үрэвслийн үед үр нөлөөтэй нь батлагдсан тус бэлдмэл ирэх оноос хэрэглээнд гарах бөгөөд өнгөрөгч онд Стандартчилал хэмжилзүйн газраас үндэсний стандартаа авсан юм. “Монос” эмийн үйлдвэр нь антибиотек, мөөгөнцрийн эсрэг, өвдөлт намдаах, халуун бууруулах, ханиалга намдаах, цэр ховхлох, дархлал сэргээх, витамин, аминдэм, мэдрэлийн систем, харшил, буйлны үрэвсэл, шимэгч хорхойн эсрэг эм бэлдмэлүүд болон чих хамар хоолой, зүрх судас, хоол боловсруулах эрхтэн, бөөр шээсний замын тогтолцооны эмчилгээний эм бэлдмэлүүдийг үйлдвэрлэж байна.

Эрүүл мэндийн салбарын тэргүүлэгч, Монгол улсын топ 50 аж ахуйн нэгжийн нэг “Монос” групп эрүүлийг хамгаалах хувийн хэвшлийн салбарт бүхий л чиглэлээр анхдагч түүчээ нь болж чадсан. Тухайлбал, хувийн хэвшлийн анхны эмийн үйлдвэр, анхны эмийн сан, анхны фарммаркет, анхны эм ханган нийлүүлэх байгууллага, анхны магадлан итгэмжлэгдсэн лаборатори, анхны эрдэм шинжилгээний хүрээлэн, анхны эмзүйн коллеж, анхны эмзүйн шинжлэх ухааны их сургууль, анхны эм судлалын хүрээлэн, анхны эм үйлдвэрлэлийн зохистой дадал стандартын шаардлага хангасан, чанарын менежмэнтийн тогтолцоо нэвтрүүлсэн цогцолбор эмийн үйлдвэрийг тус тус ашиглалтанд оруулсан. Мөн байгуулагдсан цагаасаа эхлэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан ирээдүйн боловсрол, боловсон хүчин, спорт урлаг, байгаль орчноо хайрлан хамгаалах зэрэг олон талт ажлуудыг санхүүжүүлэн, хамт олноороо гар бие оролцохын зэрэгцээ ард иргэддээ хандсан шинэ бүтээгдэхүүн, шилдэг үйлчилгээ, шинэлэг санал санаачлагуудыг тогтмол дэмжин ажилласаар ирсэн юм. Эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангасан баталгаатай, чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, хэрэглэгчдэдээ хүргэх нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа өндрөөр ухамсарлан ажилладаг тус хамт олон бүх нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох “Монос” аяныг жил бүр орон даяар зарлаж олон арван бүтээлч ажил хийж хэвшжээ. 
Монгол улс байгалийн гаралтай эх үүсвэрээс шинэ эм, бэлдмэл гарган авахын тухайд бусад орнуудтай адил түвшинд байгаа гэж хэлж болно. Харин химийн нийлэгжлийн аргаар эм зохион бүтээх нь “Монос”-ынхны хэтийн зорилго юм. Монголын эмзүйч, оточ нар 500 гаруй эмийн ургамал, 2000 гаруй эрдсээс эм гаргаж байсан уламжлалтай бөгөөд 400 гаруй эмийг амьтны гаралтай түүхий эдээс гаргаж авч байсан түүх бий.

“Эм зохион бүтээнэ гэдэг амаргүй ажил. Шинэ эм бүтээх оролдлогын хэдэн хувь нь амжилттай болдог вэ” хэмээх асуултад “Монос” группийн ерөнхийлөгч, академич Л.Хүрэлбаатар “Шинэ эм бүтээнэ гэдэг өвсөн дотроос зүү хайх шиг адармаатай ажил. Энэ дэлхий дээр 10-ын тооны ард 180 тэг тавьсантай тэнцүү тооны бодис бий гэж эрдэмтэд тооцоолсон байдаг. Өнөөдрийн байдлаар химичид 20 сая бодис нийлэг аргаар гаргаж аваад байгаагаас 1000-10000 нь эм болох магадлалтай. Судлаад туршаад үзэхээр үүнээс ч цөөн бодис эм болж болно. Бидний яриад байгаа амьтан, ургамал, эрдэс бодис яг тэр чигээрээ биш, түүний дотор байгаа бодис л эм болоод байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр байгаль дээр буй тэр их нөөц баялгаас аль тохирохыг нь сонгож аваад тэдгээрт агуулагдаж буй ямар бодис эм болоод байна вэ гэдгийг тухайлан ялган авч судалгаа туршилтаа хийж байгаа юм. Тэр туршилт судалгааны явцад эмчилгээний чанартай нь бүрэн батлагдахгүй байж болно. Гэтэл тухайн бодисоос өөр бодис бидний хүсээд байгаа үйлдлийг илүү үзүүлж байгаа бол тэр бодисыг сонгон авах жишээтэй юм л даа. Тэр бодисоо ямар эмгэг өөрчлөлтөд эмчилгээний нөлөө үзүүлж байгааг туршиж үзнэ. Дахин дахин туршиж байж баталгаажуулна. Бодисоо зөв сонговол үр дүн 100 хувь ч байж болно. Хэрэв “буруу замаар бодис тээвэл” 100 хувь огт үр дүнгүй ч байж болно. Тэгэхээр шинэ эм зохион бүтээнэ гэдэг тамын ажил” хэмээн хариулсан юм. Гэвч энэ эрдэмтэн тэрхүү “там”-д л аз жаргалаа бүтээсэн цөөхөн хүний нэг.

Нэг эм зохион бүтээхэд ойролцоогоор 10-15 жил шаардлагатай гэх тооцоолол бий. Тухайлбал, 1000 бодисыг туршиж үзэхэд 2-3 жил, тэрнээс боломжтой 100-г сонгож эмнэлзүйн өмнөх туршилт буюу амьтанд туршихад 1-2 жил байх жишээтэй. Эдүгээ шинжлэх ухаан, технологийн эрчимтэй хөгжлийн үр дүнд, компьютерын аргаар энэ хугацаа богиносох хандлага руу орж байна. Мэдээж нэг хүн дангаараа эм хийнэ гэдэг бүтэшгүй зүйл. Төрөл бүрийн эрдэмтэн мэргэжилтнүүд оролцоно, аппарат багаж шаардлагатай болно. ус, цахилгаан, дулаан хэрэгтэй болно. Эдгээр нь ихээхэн хэмжээний зардал шаардана. Энэ бүхнийг яагаад дурдаад байна вэ гэвэл эм гэдэг зүйл асар их үнээр бүтдэг гэдгийг л хэлэх гэсэн хэрэг. “Монос” эмийн үйлдвэр дээр дурдсан “Эллипин” бэлдмэлд л гэхэд олон тэрбум төгрөг зарцуулжээ. Гэсэн хэдий ч эмийн салбарын бизнес эрхлэгчид “шархаа нөхөж”, гарзаа олз болгох гэж улайрдаггүй, харин эм бүтээгдэхүүнийхээ эдгээх чадвараас л кайф авч, түүгээрээ өрсөлдөж уралддаг гэдгийг Л.Хүрэлбаатар академич онцолно билээ. Дашрамд дуулгахад, “Монос”-ын “Нефромон” бөөр хамгаалах бэлдмэл ОХУ-ын зах зээлд “чихэр шиг” борлогдож байгаа гэсэн. Ер нь монгол эмийн дэлхийн зах зээлд өрсөлдөх гол давуу тал нь олон улсын шаардлага, болзол нөхцлийг хангасан явдал юм. Дэлхийд маш ховор амьтан ургамлын гаралтай түүхий эдээр мөнх наслуулах эм бүтээлээ ч гэсэн судалгаа, үйлдвэрлэлдээ олон улсын стандартыг мөрдөж чадаагүй л бол тэр нь эм биш хор болно гэсэн ерөнхий зарчим бий.
Ингээд “Монос” группийн  GMP эмийн үйлдвэрийн цогцолбор төслийн захирал И.Балжиннямын үгээр энэхүү сурвалжлагаа өндөрлөе. “Монголчуудын бүтээсэн эм дэлхийн нэртэй брэнд болох цагийг ойртуулахын тулд л Монголын эм зүйчид холын марафонд гарсан. Алс сонсогдож магадгүй  л дээ, гэхдээ галт тэрэг хөдөлчихсөн”. 

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.